Японы эзэн хааны цомыг хоёр жил, хоёр сарын дараа дахин хүртсэн залуу арслан Харүмафүжиг өнөөдөр БТСГ-ын удирдлагууд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн үг сольж амжлаа.
-Японы эзэн хааны цомыг хоёр дахь улдаагаа гардлаа, Баяр хүргэе?
-Үнэхээр баяртай байна. Арслан болсноос хойш бэлтгэлээ сайн хийсэн. Ард түмнийхээ буян хишиг, ахан дүүсийнхээ дэмжлэгээр бэртлээ эдгээгээд энэ сарын барилдаанд хоёр дахь түрүүгээ авлаа. Өөрийн хүч гэхээс илүү ямар ч үед намайг түшиж, дэмжиж ирсэн ард олны минь буян гэж бодож байна.
-Энэ удаагийн тэмцээн бусдаас ямар ялгаатай байв?
-Энэ сарын башёд өмнөх барилдаануудынхаа нэгэн адил бэлтгэл сургуулилтаа базааж барилдсан. 15 хоног барилдсан бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Хамгийн их бодож, сэтгэл зовинож байсан барилдаан бол Хакүхо М.Даваажаргал аваргатай хийсэн барилдаан байсан.
-Башёгийн 14 дэх өдрийн барилдаанаа Хакүхо аваргатай барилдахын өмнө Асашёорюү аварга амжилт хүссэн гэсэн. Яг юу гэсэн юм бэ?
- Дагваа аваргатай би хүүхэд наснаасаа эхлээд жүдогийн дугуйланд хамт явдаг байсны хувьд төрсөн дүүгээс ялгаагүй намайг хайрлаж, дэмжиж, сургадаг. Энэ утгаараа барилдах өдрийн өмнө “Битгий сэтгэл санаагаа зовоогоорой, ялсан ч ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилдаарай” гэж захисан. Дагваа ахынхаа захисан ёсоор өөрт байгаа бүх хүч тэнхээгээ гаргаж барилдсан.
-Эзэн хааны цомыг хүртсэний дараа ирэх башёд түрүүлэх буюу түрүүлэх хэмжээний өрсөлдөөн үзүүлбэл аварга цол олгоно гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүн болгонд ийм сайхан боломж олдохгүй. Тиймээс бүх хүч тэнхээгээ шавхан боломжийг атгаж авахыг хичээнэ.
-Эх орондоо хэр удах вэ?
-Тэмцээнийнхээ дараа эх орондоо эрч хүч авах гэж ирэх дуртай. Хөдөө явж, эрч хүчээ сэлбэснийхээ дараа илүү амжилттай барилдах болно.
-Сүүлийн жилүүдэд таны амжилтад нөлөөлөх болсон баруун хөлний бэртэл бүрэн эдгэсэн үү?
-Спортын хүнд бэртэл гэмтэл гэдэг найз шиг нь дагаж явдаг. Хөлний гэмтэл маань гайгүй болж байгаа.
-Энэ сарын башёд озеки Кайо зодог тайлж, та арслан цолтоныг ганцаараа төлөөлөн барилдсан. Япон бөхчүүдээс озеки цол хүртэх магадлалтай бөхийг нэрлэхгүй юу?
-Кисенасатог сайн бөх гэж боддог. Удахгүй өндөр цолонд хүрнэ гэж найдаж байна.
-Найрааны хэргээр олон сүмоч зодог тайлсан нь энэ сарын башёд нөлөөлсөн үү?
-Япон орон даяар сүмог дэмждэг хүн болгоныг цочирдолд оруулсан хэрэг болсон. Би тэдгээр сүмочдыг гүтгэгдсэн гэж бодож байгаа. Бүгд сүмог орхихдоо “Сүмогийн холбоо биднийг харахгүй бол бид Сүмогийн холбооны төлөө золиосонд гаръя” гэж мэдэгдээд үсээ тайрч байсан. Би бөхчүүдийнхээ төлөө чин сэтгэлээсээ харамсаж байна. Бусад бөхийн хувьд сүмогийн нэр хүндийг дахин сэргээхийн төлөө уран дайчин барилдах ёстой. Японд бас том газар хөдлөлт болсон. Бидний барилдааныг үзээд амьдрах итгэл, бүтээх урам орох учраас сайн барилдах үүрэгтэй.
Д.Булган