Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа МХБХ-ны насанд хүрэгчдийн футзалын цомын тэмцээнд УАШТ-ий 2005 оны аварга, 2001, 2003 оны хүрэл, ЗУАШТ-ний 2008 оны мөнгө, Боргио цом тэмцээний 2010 оны мөнгөн медальт, 2008, 2009, 2010 оны МҮЛАШТ-ний 4-р байрны шагналт Б.Чин-Оргил дасгалжуулагчтай Сэлэнгэпресс баг, МҮЛАШТ-ий 2001, 2003, 2004, 2010 оны алт, 2002, 2005, 2007 оны мөнгөн медальт, МХБХ-ны 2002, 2004, 2005 оны цомын аварга, Боргио цомын 2007 оны аварга, 2011 оны мөнгөн медальт М.Отгонбаяр дасгалжуулагчтай Хангарьд клубийн багууд оноолт таарч тоглолоо.
Тоглолтын эхнээс Сэлэнгэпресс клуб давуу байдлыг үүсгэн тоглож байсан бөгөөд Хангарьд баг хойноос нь гоолоор нөхөх байдлаар тоглолтын турш явагдлаа. Тоглолтын 1 дүгээр үе 4:4-ийн харьцаатай өндөрлөсөн боловч 2 дугаар үе эхлээд Сэлэнгэпрессчүүд гоолоор тасарч эхэлсэн. Гэвч Хангарьдынхан зүгээр буугаад өгсөнгүй тоглолтыг тэнцүүлэх гэж ихээхэн үзсэн байна. Ялангуяа тоглолт дуусах дөхөх тусам тооны харьцаа ойртож байсан бөгөөд цаг дуусахад тооны харьцаа 12:10 болж, Сэлэнгэпресс баг анхныхаа хожлыг авлаа. Энэхүү тоглолтыг Сэлэнгэпресс багийн эзэн М.Болд хүрэлцэн ирж үзсэн нь багийнханд сайнаар нөлөөлсөн бололтой.
Ийнхүү Орхон аймгаас хүрэлцэн ирж тоглож байгаа Хангарьд баг легионер тоглогчтой хэдий ч гурван тоглолт дараалан хожигдсон хар цувралтай боллоо. Хожил авсан Сэлэнгэпресс баг 4 оноотой болж 4 дүгээр байранд дэвшсэн бол Хангарьд баг сүүлийн 8 дугаар байранд явж байна.
Энэ тоглолтонд Сэлэнгэпресс клубийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 5 гоол, Хангарьд клубийн тамирчин Д.Энхтөр 4 гоол тус тус хийсэн байна. Мэргэн буучийг Б.Мөнх-Эрдэнэ 9 гоолоор тэргүүлж эхэллээ.