Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунттай ярилцлаа.
-Таныг дотооддоо нэлээд томоохон хэмжээний тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо?
-Ирэх хоёрдугаар сарын 6-нд Дуурийн театрт “Classic night in Ulaanbaatar” нэртэй тоглолт хийхээр бэлтгэл ажлаа амжуулаад явж байна. Энэ тоглолтод маань ОХУ-ын Биларусс, Санкт-Петербургийн уран бүтээлчид ирж оролцох юм. Ер нь л миний уран бүтээлийн андууд л даа. Би хойд хөршид Дуурийн чиглэлээр дөрөв дэх жилдээ суралцаж байна. Цагаа хугацаа гэж амархан юмаа. Дараа жил төгсөх болж байна. Энэ хугацаанд ОХУ-д би ямар зүйл сурч эзэмшив гэдгээ бага ч гэсэн харуулах, дэлхийн сонгодгуудыг нутаг нэгтэнүүддээ дэргэдээс нь сонсгох юмсан гэж хичээж яваа ажлын маань нэг л дээ. Цаашид ч гэсэн дотооддоо сурсан зүйлийнхээ үр шимийг үзэх бодол бий. Тоглолтыг маань “Ард даатгал” компани ивээн тэтгэж байгаа. Сайхан тоглолт болно гэдэгт итгэл дүүрэн байгаа.
-Та уран бүтээлч андууддаа санал тавьсан байх нь ээ?
-Тийм ээ. Тэгээд ч бид удаан хугацаанд хамтарч ажиллах хэдийн төлөвлөгөө байгаа. Цаашид Итали гэх мэт цөөнгүй улс оронд хамтарсан тоглолт хийх юм. Энэ ажлын маань эхлэл түүчээ Монгол нутгаас маань эхлэх гэж байгаа юм.
-ОХУ гэж сонгодог урлагаараа тэргүүлэх хэмжээнд очсон том гүрэнд суралцаж байгаа учир олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломж их биз?
-Нэлээд хэдэн тэмцээн уралдаанд оролцож үзсэн. 2009 онд л гэхэд залуу тионер хоолойтнуудын олон улсын тэмцээний тэргүүн байр эзэлсэн. Мөн залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард болсон Л.В.Собиновын нэрэмжит уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн гэх мэтээр оролцсон тэмцээн цөөнгүй.
-Гадны хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ярилцлага өгч байв уу?
-Телевизийн хөгжмийн хөтөлбөрүүд болоод “Залуу одод” гэх мэт цөөнгүй сонин хэвлэлд уралдаанд амжилттай оролцсоныхоо дараа ярилцлага өгч байсан.
-Гаднын сэтгүүлчид монгол уран бүтээлч залуусаас яг юуг сонирхон асуудаг юм бэ?
-Хөгжмийн нэвтрүүлэг, тэр чиглэлийн сонин сэтгүүл болохоор ч тэр үү ер нь л уран бүтээлтэй холбоотой, хойшид юу хийх тухай асуултууд их тавьдаг. Гадаадад суралцаад уран бүтээл хийх боломж хэр байгаа тухай ч гэх юм уу иймэрхүү асуултыг ихэд асуудаг юм билээ.
-Та олон улсын залуусаас яг юугаараа ялгарч байна вэ?
-Би гэлтгүй монгол хүн хөгжмийн мэдрэмж сайтай, маш хөгжимлөг. Тэр яруу байдлаараа л ялгадаг юм шиг санагддаг.
-Мэдээж суралцаж байх хугацаанд зэмлэл магтаалын алийг нь ч хүртэх нь ойлгомжтой. Багш нар чинь таныг яг юу гэж зэмлэдэг байв?
-Дууг хүний сэтгэлд хүргэнэ гэдэг өөртөө бардахын нэр биш. Хүчтэй чанга дуулснаар сайхан болдоггүй гэдгийг анхааруулдаг байсныг санаж байна. Багш нарын маань энэ үг надад нөлөөлсөн.
-Би андуураагүй бол та нийтийн дууны тоглолт хийж байсан санагдах юм?
-Би СУИС-ийн оюутан байхдаа 60 гаруй нийтийн дуу дуулсан. Түүгээрээ хоёр бие даасан тоглолт нийслэлд хийж, хөдөө орон нутгаар ч гэсэн аялан тоглолт хийж байлаа. Харин сургуулиа төгсөөд л хойд хөршийг зорьж суралцахаар болсон. Энэ миний төлөвлөгөө байсан юм.
-Цаашид нийтийн дуу дуулах уу?
-Үгүй байх аа.
-Та энгийн үед ямар дууг ихэвчлэн аялдаг вэ?
–Би Дундговь аймгийн хүүхэд. Дуу хуурийн өлгий нутгийнх болоод ч тэр үү уртын сайхан дуу аялж явдаг юм. Энэ бас нутгаа санах сэтгэлтэй маань ч холбоотой байж магадгүй. Багшаар заалгаж сураагүй ч гэсэн монгол хүн учраас уртын дуугаа хаа ч явсан аялана шүү. Манай ангийнхан болоод уран бүтээлч гадаад найзууд маань надаар уртын дуу дуулуулах их дуртай. Тэгэхээр монгол уртын дуунд агуу их чадал бий.
-Төгсөөд шууд эх орондоо ирэх үү?
-Италид суралцах эсэхээ ирэх тавдугаар сард тус улсад хийх тоглолтын үеэр шийдэж байж болно.
-Ингэхэд таны хоолойг тэрбум төгрөгөөр даатгаж гэ яриа гарсан байсан. Үнэн юм уу?
-Тийм ээ. “Ард даатгал” компани миний хоолойг тэрбум төгрөгөөр даатгасан. Дуучин гэдэг маань хоолойгоороо хоолоо олж иддэг гэж манайхан ярьдаг шүү дээ. Гэхдээ үүнд манай улсын сонгодог урлагийн хөгжил нөлөөлсөн байх. Манай улс Азид тэргүүлэх хэмжээнд хүрчихлээ. Олон сайхан залуу олон улсын болоод дэлхийн чанартай тэмцээнд түрүүлж, айрагдаж байна. Иймд тус компани сонгодог урлагийн шинэ залуу үеийг дэмжих давхар зорилго агуулсан нь сайхан хэрэг.
-Та монголын дуурийн урлаг хөгжиж байгаагийн илэрхийлэл гэлээ. Яг яаж хөгжив?
-Театрийн бодлого, төр засгийн халамж энэ тэр гэхээсээ илүүтэй монгол хоолой, монгол чанар гэдэг дэлхийн ямар ч том бүтээлийг гаргаж чаддагт л хамгийн гол зүйл нь байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.
Д.Ганбаатар