Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдтой уулзаж ярилцлаа.
-2008 оны долдугаар сарын 01-ний хэргээр цагдаагийн нэр бүхий дарга нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Хэрэг удахгүй шийдэгдэх гэж байна. Энэ асуудал таны анхааралд байгаа л байх?
-Цагдаагийнхан хүн буудсан гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэх, итгүүлэх атгаг сонирхол хэн нэгэнд, хэсэг бүлэг хүнд байхыг үгүйсгэхгүй байна. Хэвлэлд гарсан хэмжээний мэдээлэлтэй байгаа. Мөрдөгдөж байгаа хуулиар мөрдөн байцаалтын явцад цугларсан баримт, материал нууц байх ёстой. Харамсалтай нь энэ хэргийн талаар шалгалт явуулсан байгууллагын удирдлага, тэр ч байтугай хяналт тавьсан прокурорын байгууллагын зохих түвшний албан тушаалтнууд олон удаа мэдэгдэл, мэдээлэл түгээж байсныг сонссон болохоор жирийн иргэний хувьд өөрийн бодлыг бусадтай хуваалцахад болохгүй нь юу байх вэ.
-Нэг үгээр хэлбэл, тухайн этгээдийн гэм бурууг тогтоох шүүхийн ажиллагаа эхлээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж ярих нь байж боломгүй зүйл гэж та хэлэх гээд байна уу?
-Прокурорын шатнаас гарч, шүүхэд хянагдаж байх үед Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цагдаагийнхан хүн буудсан нь тогтоогдсон, тэднийг цэргийн гэмт хэргээр яллах нь зөв мэтээр ярьж байгааг сонсоод өөрийн эрхгүй “Хуулийг ингэж уландаа гишгэх” гэж эмзэглэснээ нуумааргүй байна. Хашир, туршлагатай, тулхтай шударга прокурорын ажилтнуудын амнаас гарахгүй үгийг яагаад хэлэв гэдэгт харамссанаа сониноор дамжуулаад хэлж болно биз дээ. Хүнийг хэлмэгдүүлэх бузар ажиллагаанд хуулийн байгууллага автах ёсгүй шүү гэдгийг мэргэжил нэгт эрхэм нөхөддөө уриалж байна.
-Хамгийн гол нь цагдаа нар иргэдийг буудсан гэдгийг прокурорууд хатуу хэлдэг. Бүр хэвлэлийн бага хурал зарлаж байгаад хэлж байсан шүү дээ?
-Цагдаагийн ажилтан хүн буудсан эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна, тийм болохоор болсон асуудлыг хуулийн хүрээнд яв тав нотлох талаар л ярьж байгааюм.Хэрвээ цагдаагийн ажилтнууд эрх мэдлээ хэтрүүлээд гэм буруугүй жирийн иргэдийг буудсан нь тогтоогдвол шударгаар шүүгдэх нь зүйд нийцнэ. Түүнээс биш тэд буудсан байх ёстой гэсэн таамаг сэжиглэл, сэтгэлийн хөөрөл - үзэл бодлын төөрөгдөл - үзэн ядалт - эрх мэдлийн төлөөх ичгүүргүйулайрлын төлөөс болгож хүнийг яллах нь ардчилсан засаг төртэй улсад байж болохгүйг л дээр доргүй шүүмжлэн ярьж, олон түмэн, хуульчид, шударга иргэд айн түгшиж байна.
-Хэн буудсан ч өнөөдөр чухал биш, харин дөрвөн хүн амиа алдсан нь илүү чухал. Тиймээс энд хариуцлага өндөр яригдаж байгаа гэж ойлгодог?
-Дөрвөн хүн бууны суманд өртөж амь насаа алдсан нь туйлын үнэн, эмгэнэлтэй явдал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт дөрвөн хүний амь нас эрсэдсэн нь болохоор шалгаж нотлон, гэм буруутанд цээрлэл хүлээлгэх ёстой. Хэн ч зугтааж гажиж, бас хэлбийлгэж болдоггүй эд. Нас барсан дөрвөн иргэнийг хэн буудаж, амийг нь хөнөөв? Магадгүй, дөрвөн хүн, дөрвөн буугаар эсвэл нэг хүн дөрвөн удаа буудсан ч байж болно. Хэн нэгэн Дондог юм уу Дорж буудсан гэж ярих ёстой, бас нотлох ёстой юм шүү дээ.
-Шүүхэд шилжүүлнэ гэдэг нь мөрдөн байцаалтаар гэмт хэрэг гарсан уу, хэн тэрхүү гэмт хэргийг үйлдэв гэдгийг бүх талаас нь тойруулж, нотлох баримт цуглуулсныг хэлдэг гэж ойлгодог?
-Хуулийг хэн дуртай нь хүссэн зүг рүүгээ залж болохгүй.Х.Тэмүүжин гишүүн саяхан цагдаагийн тэмдэглэл, сум, хонгио гэж ярьж байсан. Яахаараа гурван жилийн дараа тийм баримт эрхэм гишүүний гарт орж, мэдээлэгдэв гэдэг ч юм уу, оролцогч нарыг хөтөлж, тулгаж байцааж байна гэж сонсогдож байсан, үнэн бол бүгд хууль ёсны биш гэсэн үг бөгөөд эндээс нотлох баримтыг хэрхэн цуглуулав, яаж бүрдүүлэв гэдэг эргэлзээг шууд төрүүлж байгаа юм. Прокуроруудын яриад байгаагаар цагдаагийнхан хүн буудсан нь тогтоогдсон, 100 гаруй гэрч байдаг, гэхдээ хэн гэдэг цагдаа хэний тушаалаар хүний амь хөнөөв гэдгийг тогтоож чадаагүй гэж ярихыг сонссон. Хэрвээ 100 гэрч байгаа бол Дондог буудсан, Дулмаа буудсан гэж хэлэх ёстой атал одоогоор тогтоож чадаагүй гээд барин тавин хэлээд байгааг нь хүн буудсаныг гэрчлэх шууд нотлох баримт байхгүй юм байна гэж ойлгосон. Хүмүүс ч тэгж ойлгож байгаа. Цагдаа Дондог хохирогч Э-г буудсан гэдгийг тогтоож, нотолж чадаагүйг албаны эх сурвалж хүлээн зөвшөөрсөн учраас “Цагдаа- хүн буудаагүй юм байна”- гэж ойлгохоос өөр ямар ч аргагүй. Үүнийгээ нотлохоор бид ажиллаж байгаа гэж тэд бас ярьж байсан, шалгаж нотлоно гэдэгт найдахаас өөр хэлэх үг алга.
-Арай хатуу хэлээд байх шиг санагдах юм?
-Прокуроруудын өөрсдийнх нь ярьсныг л давтаж байна. Мэдээллийг эх сурвалжаар нь анхдагч, дамжмал, шууд ба шууд бус нотлох баримт гэх мэтчилэн ангилдаг.Лав л шууд ба анхдагч нотлох баримтуудыг цуглуулж чадаагүй юм байна гэж ойлгосон. Харин дамжмал болон шууд бус нотлох баримтуудыг тэд зөндөө цуглуулжээ. Шууд бус буюу дамжмал нотлох баримтууд нь үйл явдлыг бодитойгоор тодруулж, нотолж чаддаггүй. Зөвхөн чиг баримжаа олох, таамаглал, сэжиглэл болгох төдий зүйл учраас хүн яллахдаа шууд утгаар нь хэрэглэдэггүй, зайлсхийдэг гэдгийг хуульчид бүгд мэднэ.
-Тэгвэл яагаад нотлогдоогүй хэрэгт цагдаагийн экс дарга нарыг яллах гээд байгаа юм бол?
-Цагдаагийн экс дарга нар гэж хэлж болохгүй юм шүү дээ. Тэд бол хууль бусаар, хүчээр ажил албанаасаа хагацсан өнөө үеийн хэлмэгдсэн цагдаагийн алба хаагчид гэвэл үнэнд илүү нийцнэ.Цагдаа хүн буудсаныг нотлоогүй байж, цагдаагийн дарга нарыг яллана гээд байгаа нь л нийгэмд айдас дагуулж байгаа юм. Эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэх мэтчилэн цэргийн гэмт хэргээр яллаж байгаа гэхийг нь сонссон, Прокурорын мөрдөн байцаах албаны шалгалт хууль тогтоомжийн маш олон заалт зөрчсөнийг нэртэй эрдэмтэд, тулхтай хуульчид яриад, шүүмжлээд байхад залруулахгүй байгааг ердөө ч ойлгохгүй байна.
Энэ асуудалтай холбоотой нэг бүр нь 250 хуудастай 3О гаруй хавтастай материал цуглуулсан гэж сонссон. Тэгвэл 7500 хуудас, ар өвөргүй гэвэл дахиад нэмэгдэнэ. Лав гурван шүүгч уншиж таарна, бас хэрэгт холбогдсон 4 хүн, өөр нилээд хэдэн хохирогч нар танилцана гэхээр хир хугацаа шаардагдахыг мэдэхгүй юм. Цуглуулсан бүх материалыг дээрхи хүмүүс нэг бүрчлэн уншиж байж л шийдвэр гаргана гэхээр мөн ч их хугацаа шаардагдах нь тодорхой.
ОХУ-ын Мөрдөн байцаагчийн дээд сургуульд сурч байхад багш нар “Мөрдөн байцаагч хүн эрүүгийн хэрэгт зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоох чиглэлээр ажиллахдаа шалгах хүрээг аль болох хумих оновчтой тактик баримтлах ёстой, хэт их материал цуглуулвал, ажлаа хүндрүүлчихдэг хортой эд, дараа нь шийдвэрлэж чадахгүй хогийн тантангаас дор болчихдог, өөрөөр хэлбэл байгаа онохгүй, тэмтчиж байна гэсэн үг” гэж захидаг байсныг дурьдмаар санагдлаа.
-Энд нэг зүйл байгаа нь өршөөгдсөн хэргийг сэргээж, шалгаж байгаа шүү дээ. Үүнийг учир мэдэх хүмүүс хэргийн үнэн мөнийг олохоос илүү улс төрийн зорилгод ашиглаж байна гэцгээж байсан?
-Хууль зүйн шинжлэх ухааны үйл ажиллагааны практикт ганцхан удаа, дахиж давтагдахгүй байдлаар үйлчилдэг онцгой зохицуулалтай “Өршөөл үзүүлэх” тухай хуулийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталж хэрэгжүүлдэг. Манайд ч тогтсон, гажиж болдоггүй жишиг бий. Тийм заалтаар дээрх хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж Монголчууд бүгдээрээ сонссон. Энэ хуулийн үйлчлэлийг өөр бусад ямар ч хуультай адилтгаж, харьцуулж, хамааруулж, баримталж, бас сэргээж болдоггүй юм.
Хуулийн ямар заалтыг үндэслэж хэргийг сэргээсэн бэ гэдгийг тайлбарлах ямар ч шалтаг олдохгүй гэж бодож байна. Цагдаагийн ажилтнууд зэвсэгт хүчин бусад цэрэг гэсэн ойлголтод хамаарагдадгүйг, долдугаар сарын 01-нд буу хэрэглэсэн байж болзошгүй үеэр Дотоодын цэргийн нэг ч албан хаагч уг газар байхгүй байсныг мэдсээр байж, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг, Дотоодын цэргийн командлагч гэдэг утгаар нь цэргийн гэмт хэргээр зүйлчилж байгаа гэсэн мэдэн будилсан тайлбар өгч байгаа нь тун ойлгомжгүй байгаа. “Цагдаагийн экс”- гэсэн тодотголтой хэргийг шалгахдаа хуулийг дээдлэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль энэрэнгүй байх алтан зарчмууд бүдүүлгээр зөрчигдсөнийг хэн залруулах вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээрээ байна.
-Цагдаагийн байгууллага төрийн эрх барьж байгаа эрх мэдэлтнүүдийн баталсан хуулийг хэрэгжүүлдэг төрийн аппарат гэдэг. Гэтэл одоо иргэдээ буудсан буруутан болохдоо тулаад байна. Асар том завсар энд үүсээд байгаа юм биш үү?
-Цөөхөн хүний турхиралт, өдөөн хатгалгын уршгаар улайрч догширсон, хяналт хийрхлээ алдсан олон хүний санаанд ч багтамгүй аймшигтай үйлдлүүдийг таслан зогсоох үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг заавал буруутгаж, яллах гээд байгаагийн цаад зорилгыг ойлгохгүй байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та анхааралдаа авч, 2012 оны аймшигт хэлмэгдүүлэлтээс үүрэг гүйцэтгэж ажилласан цагдаа нараа авраач, бас төрийн цагдаагаа эргэж ирээч, хэдэн муу бор цагдаагийнхаа санал хүсэлтийг сонсооч гэж хичээнгүйлэн гуймаар байна.
Цагдаа нар хэлмэгдээд байгаа юм бол эрх ашгаа хамгаалж, эвлэл холбоод байгуулж болдоггүй юм уу?
-Болно. Гэхдээ төрт ёсоо эрхэмлэн дээдэлдэг хатуу дэг журмыг цагдаагийнхан хүндэтгэдэг болохоор эрх ашгаа хамгаалахдаа туйлын ядруу улс шүү дээ. Албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө доромжлуулсан, шоронд хоригдож, амьдралаараа хохирсон, тэр ч байтугай амь насаа алдсан тохиолдлууд байдаг ч цагдаагийнхан тэвчээртэй хандсаар ирсэн. Тэвчээр, тэсвэрт хязгаар гэж нэг юм байх болов уу гэж бодож сууна. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан жагсаал, цуглааны үеэр нийгмийн хэв журмыг хамгаалах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж байхдаа, цагдаагийн байгууллагын дэргэд Үйлдвэрчний эвлэл байгуулах боломжтой эсэхийг лавлахад хууль нээлттэй гэж хариулсан, бидэнд бодож, төлөвлөж байгаа юм бий. Бид хуулийн хүрээнд хөдөлмөрлөх эрхээ хангуулах чиглэлээр төр засагт дуу хоолойгоо хүргэх эрх нээлттэй шүү гэдгийг хэлж чадна.