Хамжлагын Засгийн газар хагаран унаж, шинэхэн сайдууд тамга тэмдгээ гардаад тийм ч олон хоноогүй байна. Гэтэл зарим нэгийнх нь суудал эхнээсээ ганхаж эхлэв бололтой. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай санал оруулах дээрээ тулаад байна. Харин хэзээ...? гэдэг л асуулт хэвээр үлдэв.
Зузаан модон сандал дээр зургаан сар бөгсөө тавих марфонд үлэмж амжилт гаргаж, одоогийн ам.долларын ханшаар бол 3.6 сая гаруйг төлж чадсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй амны зугаа үлдээгээд буй Ж.Энхбаяр ямар ч байсан банга хүртэх нь ойлгомжтой боллоо.
Тэгээд ч шинэ сайд энэ багахан хугацаанд багагүй зүйл амжуулж дөнгөжээ. Тэтгэвэрт гарсан ахмадуудыг яаманд цуглуулан дүрэмт хувцасыг нь дахин өмсүүлж, халаа сэлгээ хийн удирдлагын багийг ч гартаа оруулж дөнгөсөн болохыг нь АН-ын “өлөн нүдтэй”, “урт чихтэй” нөхдүүд мэдчихжээ. Үүнд эгдүү нь хүрсэндээ бус хариуцлагатай цаг үед шоу хийхээ мэдэх тул АН-ынхан ч энэ асуудлыг тийм амар тавьж туухгүй байж мэдэх юм. Харин Ж.Энхбаярт нэгэн чухал төлөвлөгөө байгаа нь сэтгэл түгшээгээд байдаг. Тэр нь тусгайлан бэлтгэгдсэн цэргийн рот. Зүгээр ч нэг харуул хамгаалалт төдийхөн биш, бүр тусгайлан бэлтгэгдсэн гээд байгаа шүү.
Түүний өгүүлж буйгаар 180 гаруй бэлтгэгдсэн цэргийн албан хаагчаар бүрдэх энэ хоёр рот нь ирэх сонгуулийн үймээнийг нам дарах зорилготой гэнэ. Энгийнээр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачилсан иргэнээ буудаж унагах хуулийн төсөлтэй төстэйгөөр барахгүй тун ижилхэн. Тэгэхээр МАН-ын сайдуудад ямар нэгэн учир байгаа юм шиг санагдахгүй байна уу?. Ямартай ч тэд ирэх сонгуулийн дараа үймээн, шуугиан болно гэдгийг мэдэрч байгаа нь ойлгомжтой. Ингээд үзэхээр маш товчхондоо ирэх сонгууль дахиад л урдын адил будилаантай болно. Будилааныг нь дахиад л ард түмэн эсэргүүцнэ гэсэн үг. Харин энэ үймээнийг таслан зогсоох гэрэлт замыг МАН-ын сайдууд тун төвөггүй бодож олжээ. Тэр “гэрэлт зам” нь эсэргүүцсэн иргэдээ буудаж унагах.
Хэрэв Ж.Энхбаярын энэ санал, санаачилга биелэлээ олбол хамгийн орчин үеийн загварын зэр зэвсэгтэй, булчин шөрмөс нь зангирч ядсан идэр эрчүүд биднийг нам дарж таараа. Бүр нулимс асгаруулагч шидэх, химийн хорт хий тавих энэ тэр бол юу ч биш. Энэ бол наад захын асуудал болно. Овоолж байгаад шатаахаас наагуур юм болох ч юм бил үү, хэн мэдлээ.
Тэгээд ч бэлтгэгдээгүй байхдаа таван хүний халуун амийг тас буудаж чадсан улс энэ удаа жинхэнэ утгаараа “Цусан сонгууль” хийх гэж байгаа эхлэл нь ч байж мэдэх. Тэгээгүй бол хаанаас хамгаалалт хүсч, луйвраа далдлах арга чарга хайж үйлээ үзэж байх билээ. Ингээд бодохоор бидэнд амьд явах арга зам тийм ч олон биш бололтой юм. Арай ч үймээн, самуун дэгдээхгүй, будилаантай сонгууль болсон ч дуулж сонсоогүй царай гаргаад гэртээ байж байхад хэвтэр дээр минь галлачихгүй байлгүй гэж найдахаас. Гэхдээ л Батлан хамгаалахын болоод Хууль зүйн сайдад иргэд рүүгээ гал нээх гэсэн ижил сонирхолбий...