Бөх хүн гэхээрээ л бөх зүрхтэй байдаг юм уу, яадаг ч юм дээ. Эсвэл өрсөлдөгчөө дийлэхээ байсан хэдий ч бяр чадал нь гэнэт оволзоод уураг тархийг нь амраадаггүй юм уу. Үүнийг ёстой Б.Одхүү энэ тэрээс асуувал мэдэх байлгүй.
Тун саяхан арлын оронд аархаж явсан Их аварга маань Хөвсгөл нутгийн нэртэй, зүстэй бөх хүүгийн биед мэс хүргэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АСА аварга архиндаа дийлдээд ийм өөдгүй зүйл хийчихжээ. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм гэнэ. Уг нь аварга их л уяхан хүн дээ. Яагаав, төрийн наадмаар соёолон үрээ нь айрагт хурдаллаа гэж босон харайгаад Төв цэнгэлдэхээр нэг том том нулимс унагаад гүйж байсныг та санах болов уу? Яадаг бол. Энэ баярт мөчийнхөө дараа “Хийморьтой хүнд ирсэн хүлэг хурдан байхаас яадаг юм” гэж бардамнаж чадсаныг ч санаж байна. Санахгүй ч гээд яах билээ. Тэр чинь дэлхийн хэмжээний хүн шүү дээ.
Харин одоо байдал өөр болжээ. Бүр хүнээ ч байжээ. Хийморьтой эр маань өнгөрсөн жил Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт ураны хайгуул хийхдээ Номгон, Хатавчийн голын амийг таслах шахсан тухай нутгийн иргэд өгүүлдэг билээ. Бүр тус нутгийн Шаргачин голын эх орчимд 27 га талбайг хамгаалалтад аваадэргээс нь 1-2 метр хүрэхгүй газарт өрөмдлөгөхийжбайгаа ч дуулдсан. Харин тэр гол одоо яасныг мэдэхгүй. Бодвол өдийд шалбааг төдий зүйл үлдээд тас хөлдөө байлгүй.
Мэдээж ундны усгүй ангаж үхэхгүйн тулд уур бухимдалдаа дийлдсэн малчид АСА аваргын компанийн нөхөдтэй уулзахаар очиход нь хамгаалалтын албаны гэх “хабь” биетэй залуус хүнд нударгаа хөмсөг, нүүр лүү нь буулгаад буцаасан ч удаа бий гэдэг. Бас болоогүй, татвараас зугтах зорилгоор компанийнхаа нэр усыг байнга сольдог гэж байгаа. 2010 онд лав “Нуклеар Энержи Монголиа” гэдэг нэртэй болсон мэдээлэл надад байсан юм. Одоо юу болж өөрчлөгдсөнийг өөрөөс нь өөр хэн мэдэх билээ.
За энэ ч яах вэ, хятадуудаар эх байгалиа сүйтгүүлж байхаар Их аваргад маань хэрэгтэй юм бол гол ширгээж, газар ухсан ч яадаг юм хэмээн түүнд хайртай монгол түмэн өмгөөлөөд өнгөрсөн. Яг л арлын орны дэвжээнд нутгийн ахыгаа үсдэж дарахад нь, зоогийн газарт агсам тавьж хүн бэртээхэд нь “ЗӨВ” гэж монгол даяараа өмөөрч байсан шиг л юм болж өнгөрсөн. Бүр харийн нутгийн дэвжээнээс хөөгдөх шахуу юм болж, хүчээр буугаад ирэхэд нь халуун уруул, хоёр алгаан хүн бүр тосон байж угтаж билээ. Бүр өмөөрөх шалтаг олдохгүйдээ япончуудын түүхэн амжилтыг эвдэх гэхээр ингэж хавчин гадуурхаж байгаа юм Их аваргыг минь зэргээр ам уралдуулан ярьж байв. Яг үнэндээ түүнийг хэрэг хийж, сүмогийн дүрэм зөрчсөн, өөрөө сайн дураараа зодог тайлахгүй бол тэтгэмж энэ тэр гээд юу ч үгүй хоосон гуяа ганзгалаад хөөгдөх байсан гэдгийг бүгдээрээ шахуу мэдэж байсан атлаа хэн ч түүнд хэр халдаахыг хүсээгүй. Ядахдаа спортын сэтгүүлчид хүртэл нөхцөл байдал ямар байсныг мэдсэн хэрнээ яагаад ч юм мэдээлээгүй юмдаг. Ингээд бодохоор түүнд өгсөн түмний хайр агуу биш байна гэж үү?
Гэтэл одоо...? Хийморьтой аварга маань хурдан ялалтын цом гарддаг байсан тэр хүчтэй гараараа хутга шүүрлээ. Харийн орны телевизээр гарахдаа эх хэлээрээ “ХАЙРТАЙ” гэдэг үгийг зориг мэдэн зориулж байсан элэг нэгт монголчуудаа хатааж алахыг санаархлаа.
Гэтэл одоо...? Хайртай хүү минь, хайртай их аварга минь харийнхнаас дутахааргүй ховдог сэтгэлтэй болчихож. Харзныхаа усыг, хад чулуутай нь өм цөм хамах хүсэл, шуналтай болчихож. Жаргал зовлонг нь хамгийн сайн мэдрэх тамирчин андынхаа тамирыг нь биш амийг нь таслах дээрээ тулчихаж. Одоо яах вэ?
Гэтэл одоо...? Нас нь гуч хүрчихээд намба суугаагүй, найр наадам хаа явсан газраа нударгаа захирч чадахаа байсан хүчтэй хүүг минь, их аваргыг минь өмгөөлөх ганцхан шалтгаан Монголчуудад хэрэгтэй байна. Одоо яах вэ?
Д.Билгүүн