“Би хэзээ ч худал амалж байгаагүй, би хэлснээ л ажил болгодог” хэмээн өнгөрсөн сонгуулийн танилцуулах хуудсан дээрээ тод улаанаар цохон тэмдэглэсэн шударга эр бол ирээдүйн Сангийн сайд байсан Д.Хаянхярваа билээ. Түүний мөрийн хөтөлбөрт тусгаснаар бол өдийд Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр сүндэрлэчихсэн олон зуун хүн ажлын байраар хангагдсан байх ёстой байлаа. Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн түүний буянаар монгол түмэн шатахууны хомсдолоос бага ч гэсэн гарчихсан байх зарчимтай. Ядаж байхад том толгойтой шатахуун импортлогчид дур зоргоороо аашилж, иргэдийг ингэж даралтанд оруулахгүй байхсан.
Мөн хээтэй, хээгүй хороолол, шинэ хуучин Дархан гэлтгүй орон сууцанд л толгой хорогддог бол интернэтийн сүлжээнд холбогдоод дэлхийн ертөнцийн сонин сайхныг гэрээсээ унших тийм боломж бүрдэх байлаа.
За тэгээд, аймгийн төвийн аймшиг гамшиг хоёр зэрэгцсэн хатуу хучилттай хуучин замыг хуу татаж, бүрэн шинэчилсэн зам дээгүүр гулсан байж бүх ажил төрлөө амжуулах болно гэдгийг ам бардам хэлж чаджээ. Гэтэл үнэн чанартаа Тосгоны зам гэж машин байтугай мал ч туухын аргагүй болчихсон хэвээрээ л байна. Өнгөрсөн зун хагас зуун жилийнхээ ойг тэмдэглэх гэж байхдаа хүртэл аймгийн удирдлагууд нь “Ээ бурхан минь, гадна дотноос жуулчид ирэхэд ийм замтай угтах нь гутамшиг” мэтээр баахан бурсан ч байдал дээрээ юуг ч өөрчлөөгүй юмдаг.
Харин ирээдүйн Сангийн сайдын энэ мэт амлалт, ам бардам бурах бол юу ч биш. Хэлснээ ажил болгодог шударга дүртэй улстөрчийн маань уран цэцэн амлалт цаашлаад яруу найргийн мөрт шиг л үргэлжилнэ. Дархан хотын дулааны хоёрдахь эх үүсвэрийг барьж байгуулна,"Дархан Их Сургууль" цогцолбор байгуулах асуудлыг орчин үеийн менежментээр шийдвэрлэнэ, Шарын гол сумыг Дархан хоттой хатуу хучилттай замаар холбоногээд ... Даан ч хөөрхий бүгд биелээгүй нь харамсалтай. Би хэзээ ч худал амалж байгаагүй гэдэг өөрийнхөө бяцхан онолыг тэрбээр өөрөө санаатайгаар зөрччихлөө. Тэгэхээр түүнийг өмнө нь хэзээ ч худлаа ярьж байгаагүй гэдэгт итгэх арга үнэндээ алга.
Бүр ичих ч үгүй хордолгыг нь нуусан хэмээн муу нэр зүүгээд явдаг алдарт Хонгор сумынхаа иргэдийг хүртэл элит сортын үрийн нөөцийн 60-аас доошгүй хувиар хангах амлалтыг тун зоригтой өгчээ. Гэтэл юун элит сорт вэ? “Хонгор сумын хөрсөнд ургасан төмс, манжин, лууван” гэж дуулах л юм бол улс даяараа хар хөлс нь чихарч байна шүү дээ. Бүр тэр нутгийн бүсгүйтэй гэрлэхээр гэртээ дагуулаад ирвэл эх, эцэг маань ч айж, сандарч магадгүй байхад шинэ сорт, чанартай хүнсний ногоо маань юу ч билээ дээ.
Мөрийн хөтөлбөр ингээд дуусчихаагүй. Тэвчээр байгаад цааш үргэлжлүүлбэл их “юм” бий. Цухас дурьдахад л Орхон сумынтөмс хүнсний ногоог жилийн туршид жигд борлуулах зоорийн нэгдсэн аж ахуйн зохион байгуулалтад оруулан цэвэр усны хангамжийн нэгдсэн системтэй болгож, цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах гээд л “Үргэлжлэл бий” гэж зарим нэг бичвэл төгсдөг шиг...
Д.Булган