Сүүлийн үед золгүй тохиолдлоор нас барсан иргэдийн тоо хоногт 5-8 байх болсон байна. Золгүй тохиолдлоор амиа алдаж байгаагийн дийлэнх шалтгаан нь архидалтаас үүдэлтэй талаар албан эх сурвалж өгүүлэв. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Ган-Ялалтаас тодруулав.
-Золгүй тохиолдлоор амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна. Юунаас болж тэр вэ?
-Тийм ээ, зөвхөн өнгөрсөн хоногт л гэхэд нийслэлд золгүй тохиолдлоор 10 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн дийлэнх нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэртээ унтаж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсныг хэргийн газар хийсэн цагдаагийн ажилтнууд тэмдэглэсэн байгаа.
-Сүүлийн үед эрс хүйтэрч байна. Энэ байдал осгож нас барахад бас нөлөөлдөг байх?
-Тэгж хэлж болно. Зарим шөнө -39 хэм хүртэл хүйтэрч байгааг цаг агаарын мэдээллээс иргэд анзаарч байгаа байх. Тиймээс зайлшгүй шаардлагатай л биш бол гэрээсээ гарах, алсын замд гарах бол дулаан хувцаслаж, болзошгүй тохиолдлоос сэрэмжлэх хэрэгтэй. Тухайлбал, өнгөрсөн хоногт золгүй тохиолдлоор нас барсан иргэдийн дунд зам дагуу явж байгаад осгож нас барсан, гудамжинд ухаангүй хэвтэж байгаад осгож амиа алдсан тохиолдол гарлаа. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших Монгол шилтгээний харалдаа төв зам дагуу осгосон байдалтай нас барсан хүн байна гэсэн мэдээллийг авч шалгахад, 174 см өндөртэй, ногоон эрээн богино куртка, хар ноосон цамц, хар даавуу өмд, хагас түрийтэй хар өнгийн өвлийн гуталтай, 35-40 орчим настай эрэгтэй хүн осгосон байдалтай нас барсныг тогтоож, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50 дугаар гудамжинд ухаангүй хүн хэвтэж байгаад 103-т хүргэгдэх замдаа нас барсан гэсэн мэдээллийг авч, шалгахад: 155 см өндөртэй, цагаан өнгийн өдөн куртиктэй, дотуураа шар өнгийн ноосон цамцтай, доогуураа хар өнгийн ноосон өмд, урт түрүүтэй хар гутал өмссөн 35-40 настай эмэгтэй хүн биедээ ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсныг тогтоон хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.